Иогийн төрлүүд

Хатха Иог
Мөн л 15 р зууны үед Энэтхэгт үүссэн. Хатха иог нь удаан, тайван бөгөөд гол анхаарлаа зөв амьсгалах болон бясалгахад хандуулдаг. Эхлэн суралцагчдад хамгийн тохиромжтой бөгөөд Хатха иогийг бүхий л иогийн төрлүүдийн үндэс гэж үздэг. Тиймээс та урд өмнө нь иогийг хийж үзэж байгаагүй бол эхлээд 1- 2 сарын хатха иогийн ангид хамрагдах нь танд иогийн талаарх ойлголт, мэдрэмжүүдийг алдалгүй хүргэх болно. Үүнээс цаашлаад та өөрийн бие болоод сонирхолд нийцэх иогийн төрлийг сонгон авч үргэлжлүүлэн хичээллэж болон юм. Хатха иогт явж эхлэснээр та өөрийн биеийг илүү хөнгөн шингэн, тайван, уян хатан болсныг мэдрэхээс гадна үргэлжлүүлэн хийх хүсэл төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Монголд үйл ажиллагаагаа явуулж буй ихэнх иогийн студи, төвүүд хатха иогийн ангиудтай байдаг.

Виньяса Иог – Vinyasa Flow Yoga
Хатха иогтай адил боловч хөдөлгөөн, асана бүрийг амьсгалтайгаа уялдуулан ямар нэгэн зогсолтгүйгээр үргэлжлүүлэн хийдэг. Анхлан суралцагчид болон туршлагатай иоги нар ч хийж болох бөгөөд сунгалтаа сайжруулах, гэдэсний булчингаа сайжруулах, зүрх судасны өвчин, даралт өндөрсөх өвчин болон чихрийн шижин өвчний үед эерэг нөлөөг үзүүлдэг байна. 

Аштанга Иог – Ashtanga yoga
Аштанга иог нь хатха болон виньяса иогтай ижил төстэй боловч биеийн хүч илүү шаардсан, эрчимжүүлсэн маягтай байдаг. Мөн бас нэг ялгаатай тал нь Аштанга иогийн дасгалууд нэгэн хэвийн бөгөөд бүх дасгалуудыг эхнээс нь дуустал ижил дэс дараалалтай хийдэг байна. Аштанга иог нь ихэвчлэн наранд мөргөх дасгалаар (Sun Salutation) эхлэдэг. Аштанга иогийг хийхэд хөлс ихээр ялгардаг тул биеэс хорт бодисуудыг гадагшуулалхын зэрэгцээ турааж биеийг чангална.

Аштанга иогийн бас нэг онцлог нь амьсгалын тусгай дасгалыг хөдөлгөөн, асанатайгаа уялдуулан хийдэг. Уг амьсгалах техникийг у-жай-и амьсгал (ujjai breathing) буюу далайн амьсгал гэж нэрлэдэг бөгөөд далайн шуугиан мэт чимээ гарган хамраараа амьсгалаа аван хамраараа гаргахыг хэлдэг.

Дээр хэлсэнчлэн Аштанга иог нь биеийн хүч ихээр шаарддаг тул тамирчид, туршлагатай иоги нар ихээр хичээллэдэг бөгөөд анхлан хичээллэгчид ч мөн өөрсдийгөө сориод үзэхэд илүүдэхгүй болов уу.

Халуун иог – Hot yoga (Bikram)
Халуун иог буюу бикрам иог нь ойролцоогоор 30 гаран жилийн өмнө үүссэн иогийн харьцангуй залуу урсгал (стиль) юм. Бикрам иогийн хичээллэх ангийг 35-40 градусын дулаантай болгон халаадаг бөгөөд 26 төрлийн поз буюу асанаг эхнээс нь дуустал нэгэн ижил дарааллаар хийдгээрээ Аштанга иогтай төстэй боловч өндөр хэмийн халуунд та урд өмнө хөлөрч байгаагүйгээр хөлрөх болно. Энэ нь хүнийг илүү уян хатан болгох, биен дэх хорт бодисуудыг сайтар гадагшлуулах болон хичээллэх явцад булчин шөрмөс татах гэх мэт гэмтэл авах эрсдлийг бууруулдгаараа давуу талтай. Мөн халуун орчинд илүү хөлөрснөөр биеийн жингээ бууруулах болон биеийн бодисын солилцоог эрчимжүүлэх ач холбогдолтой.

Бикрам иогийг эхлэн суралцагчид, туршлагатай иоги нар хийж болох бөгөөд зарим хүмүүс аливаа бэртэл гэмтлийхээ эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор хийх нь бий.

Хэдийгээр бикрам иог нь тураах, сунгалт сайжруулах, биеийг чангалах гэх мэт олон ашигтай талуудтай боловч бикрам иогийг анх турших гэж байгаа бол өөрийн биеийн халуунд хэр тэсвэртэй байж чадахыг сайтар бодолцоорой гэж зөвлөмөөр байна.

Бикрам иогийн студи нь дан ганц халуун байгаад зогсохгүй чийглэгийн хэмжээгээр ч мөн хэвийн өрөөнөөс илүү байх хэрэгтэй байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button